Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын төвөөс баруун хойно, Цэнхэрийн голын ойролцоо Хар зүрхний хөх нуур бий. Хөх нуур нь Хар зүрх уулын өвөрт д.т.д 1675 метр өндөрт орших цэнгэг уст том, жижиг холбоотой хоёр нуур юм. Нуурын хойно өврөөрөө модгүй, араараа ойтой, шовх оройтой Хар зүрх уул байдаг. Хөх нуур нь уулаар хүрээлэгдсэн олон зүйл ан амьтан, өвс ургамлаар баялаг байгалийн үзэсгэлэнт газар юм. Эл газарт 1189 оны шарагчин тахиа жил Тэмүжинг Хамаг Монголын хаан ширээнд залан Чингис хаан буюу Далай их хаан цол өргөмжилжээ. МНТ-нд Хөх нуур, Хар зүрх уул, Сэнгүр горхи хэмээх газар усны нэрүүд бичигдсэн байдаг.Нуурын эрэг дээр Чингис хааны мэндэлсний 840 жилийн ойд зориулан босгосон гэрэлт хөшөө байх бөгөөд түүнийг тойруулан 108 метр голчтой, хагас саран хэлбэртэй талбайд Монголын төрийг барьсан Алтан урагийн их, бага 36 хаадын хөрөг бүхий модон сийлбэрийг байрлуулж, төв хэсэгт эцэг Есүхэй баатар, хатан эх Өүлэн, Чингис хаан, их хатан Бөртэ Үжин, урд хэсэгт төрийн бөө Хөхчү болон Есөн өрлөг жанжны хөрөг бүхий сийлбэрүүдийг байрлуулсан байдаг.
Хариулт үлдээнэ үү