Галт сумын Рашаант багийн Гүртийн нурууны ар бэлээс оргилон гарах халуун рашаан усыг Салбартын халуун усны рашаан гэнэ. Рашааныг 300-гаад жилийн тэртээгээс нутаг хошууны ардууд үе мөч, чийг бам, бөөр нуруу, саа зэрэг элдэв өвчин эмгэгийг илааршуулахад хэрэглэсээр иржээ. Нэг дороос шахам оргилох таван булгаас секундэд 6,1 литр рашаан ус ундарна. Рашаан нь 38-40 хэм халуунтай. Рашаан усны найрлага хими, физикийн шинж чанарыг судалж үзэхэд бага эрсдэлжилтэй, сульфатын хлор, натри кальцын ион зонхилсон, геохимийн ангижруулах процесст бүрэлдэн тогтсон азотлаг хүхэрт- устөрөгчийн сульфатнатрийн ионы бүлэгт хамаарагдах рашаан юм. Рашааны хийн хяналтанд хүхэрт устөрөгчийн хий давамгайлж байдгаас эмчилгээний чанараар өндөр юм. Рашааны найрлага, үзүүлэх үйлчилгээгээрээ Завханы Отгонтэнгэр, Булганы Сайхны Хулж, өөрийн аймгийн Булнайн рашаантай ижил, газрын гүний рашаан юм.Тус рашаан сувилалын газрыг Улаанбаатар хотын Н.Жанчивдорж захиралтай “Нэмэх трейд” компани худалдан авч бүрэн тохижуулан, улсын хэмжээний амралт сувилалын сүлжээнд оруулан ажиллаж байна. Амрагчид, сувилуулагчид биеийн алжаалыг байгалийн сайханд тайлж, рашаанд орох, дүрэх, шавраар нь боолт хийх зэргээр биеэ эмчилж болохоос гадна ардын уламжлалт зүү төөнүүр, давс, элсэн зэрэг эмчилгээ хийлгэж болох юм. Цагаан гүү, ямааны сүү ууж, аромотерапия буюу анхилуун үнэртэй ургамлуудын үнэрээр эмчилгээ хийлгэх боломж бас байгаа юм. Салбартын халуун усны рашаан хүрэхэд аймгий төвөөс 177 км, сумын төвөөс 25 км юм.
Хариулт үлдээнэ үү